Хайрхан нуруу

Цагаан хайрхан

Төгрөг сумын нутагт оршдог 2787 м өндөр цагаан гатиг чулуун уул. Янгир, ирвэс, шилүүс, аргаль, тарвага, үнэг, чоно зэрэг ан амьтадтай.

Буурал хайрхан

Төгрөг сумын нутагт оршдог 3209 м өндөр гантиг, хаш чулуун илэрцтэй уул. Янгир, ирвэс, аргаль элбэг тохиолдоно.

Угалзын нуур

Төгрөг сумаас төрөн гарсан Алдарт ээжүүд

 

Нутгийн зөвлөл

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутгийн зөвлөл

  Нутгийн зөвлөл нь Төгрөг сумыг хөгжүүлэхэд, дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.  Тус  байгууллага нь анх 1987 оны 10 сарын 12-ны өдөр сумын захиргааны дарга С. Даян,  Ц. Санчин, С.Түвдэнням нарын санаачилгаар анх  байгуулагдсан.  Энэ нь аймагтаа төдийгүй улсын хэмжээнд анх удаа сумын нутгийн зөвлөлийг байгуулсан түүхэн тэмдэглэлт үйл явдал болсон. Тухайн үед нутгийн зөвлөл нь Ц.Санчин, С. Түвдэнням, Ю.Дашбал, С.Равжир, Х.Дамдинжав, Б.Сандагсүрэн, Г. Гомбоцэрэн, Ж.Галиндэв, Ц.Бааст нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж  цаашид өргөжин Д. Ванчигцэрэн, Ц.Дэмбэрэл, Ш.Гоохүү, Д.Хулганаа, Л.Пэрэнлэй, Б.Пүрэвдаш, С.Бямба, Ч.Онгоодой, Ч.Хүрэлбаатар, О.Налжир нарын гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

“Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутгийн зөвлөл” Төрийн Бус Байгууллагын танилцуулга

Нутгийн зөвлөл төрөлх эх нутгаа хамгаас өндөрт бодож явдаг, энэ талаар санаачлага гарган ажилладаг хэсэг бүлэг сэхээтэн голдуу хүмүүсээс бүрдсэн сайн дурын олон нийтийн байгууллага юм. Сум орон нутгийн байгууллага, иргэд хөдөлмөрчидтэй байнгын холбоотой ажиллаж хот хөдөөгийн ажил амьдралын бүхий л салбарт бага боловч хувь нэмэр оруулан тэдгээрийг холбон өгөх гүүр нь болж ирлээ.

2010 оны 01 сарын 18-нд нутгийн зөвлөлийн гишүүд хуралдаж уг байгууллагыг улсын бүртгэлийн гэрчилгээтэй болгож, дүрэмд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг хууль ёсны болгох шийдвэрийг гаргаж,  “Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутгийн зөвлөл” нэртэй нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагыг байгуулсан юм. Тус төрийн бус байгууллагын тэргүүнээр Б. Гандөш, гүйцэтгэх захирлаар В.Даваабаатар, удирдах зөвлөлийн гишүүнээр Ж. Галиндэв, Ү.Хүрэлбаатар, Х.Батмэнд нарыг тус тус томилж үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2011 оны 10 сард Б. Энхзаяаг нарийн бичгийн даргаар томилсон бөгөөд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутгийн зөвлөлийн салбарыг Говь- Алтай аймагт  байгуулж, салбарын эрхлэгчээр В. Сүррагчааг, дэд эрхлэгчээр Н.Гүнд, Ч.Нямдарь нарыг, нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нарыг тус тус томилсон.

Зорилго

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутгийн зөвлөл нь Төгрөг сумаа хөгжүүлэх, тэнд ажиллаж амьдарч буй иргэд болон Монгол Улсын өнцөг булан бүрт тархан суусан уугуул иргэдийн сайн сайхан амьдрах, хөгжин дэвшихэд туслах эрхэм зорилготой.

Зорилт

Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.

  1. Улаанбаатар хотод оршин суугаа нутгийн иргэдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх
  2. Сурах сонирхолтой оюуны чадвар өндөртэй оюутан залуусыг дэмжих хөтөлбөр боловсруулан гаргах хэрэгжүүлэх. Үүнд: Нутгийн оюутнууд иргэдийг цагийн лекц сургалтанд хамруулж сумаас төрөн гарсан эрдэмтэн докторууд, сэхээтнүүдтэй уулзуулах, мэргэжлийн арга туршлагаас нь судлах, дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгуулах
  3. Сумын иргэдийг орчин үеийн мэдээллээр хангах
  4. Сумын хөгжилд иргэдийн оролцоог дээшлүүлэх
  5. Сумын иргэдийг байгаль орчин, газар усаа хайрлан хамгаалах үзэлд төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах
  6. Нутгийн ховор амьтан ургамлыг хайрлан хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж төсөлд хамруулах
  7. Нутгийн иргэдийг оролцуулан ажил хэрэгч аялалыг хот хөдөө, гадаадад зохион байгуулах. Үүнд: Төрөл бүрийн үйлдвэрлэл үйлчилгээ, техник тоног төхөөрөмжтэй танилцуулах, зуучлах, ажил хэрэгч сургалт зохион байгуулах
  8. Нутгийн иргэдийн бүртгэл, судалгаа мэдээллийн сантай болох
  9. Үе үеийн сэхээтэн эрдэмтдийг алдаршуулах, тэдний залуу халааг бэлтгэх, сум орон нутаг , хотод сургалт семинар зохион байгуулах, шавь сургалт бий болгох

Төгрөг сумын нутгийн зөвлөл байгуулагдсанаасаа хойшхи 16 жилийн хугацаанд тоймлон авч үзвэл дараах үндсэн томоохон ажлыг гүйцэтгэсэн байна.

1. 1989 оны өвөл Төгрөг суманд болсон цасан шуурганы уршгаар учирсан хохирлыг арилгахад туслах зорилгоор малчдад зориулсан дулаан хувцас, гэр, хүүхдийн хувцас зэрэг 2 машин бараа материал цуглуулж нутгийн зөвлөлйн гишүүн С. Түвдэнням, Б. Сандагсүрэн, нар хүргэж өгсөн юм. Энэ үйл явдалд Улаанбаатар хотод оршин суудаг 150 гаруй нутгийн уугуул иргэд, Төгрөгт сэтгэлтэй, тэнд ажиллаж амьдарч байсан хүмүүс чин сэтгэлээсээ томоохон эд материал, сэтгэл санааны туслалцаа үзүүлсэн нь тухайн үедээ л нэлээд дуулиантай үйл явдал болж аймгийн бусад сумд иймэрхүү хөдөлгөөн өрнүүлэх үлгэр дууриал болж байсан юм. Энэхүү тусламжийн бүх тооцоо судалгаа сумын нутгийн зөвлөлд хадгалагдан үлдсэн юм. Энэ ажилд Ю. Дашбал, С. Сандагсүрэн, С. Түвдэнням, Ц. Санчин, Г. Гомбоцэрэн, С. Аравжир, Ж. Галиндэв нар ихээхэн идэвхи зүтгэл гаргасан юм.

 2. Нутгийн зөвлөлөөс хоёр дахь томоохон ажил нь сумын мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Өгөөмөрийн голд хадлан, хүнсний ногоо тариалах, малын тэжээл бэлтгэх зорилгоор газар тариалангийн механикжсан бригадын техник тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд туслалцаа үзүүлж хэрэгжүүлсэн явдал юм. Энэ ажилд нутгийн зөвлөлийн гишүүн Ш. Гоохүү чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 20 гаруй сая төгрөгт багтах хөрөнгөтэй дүйцэхүйц ажил багтсан юм.

3. Нутгийн зөвлөлөөс  1989-1991 онд малчдын соёл, нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор нар, салхины болон бага оврын 10 шахам цахилгаан гаргах техник хэрэгслэлийг туршилт судалгааны чиглэлээр туршин нэвтрүүлсэн юм. Эдгээрээс нарны эрчим хүчээр ажилладаг зарим тоног төхөөрөмж өнөөдрийг хүртэл найдвартай ажиллаж хөдөөгийн малчдын талархалыг хүлээсээр байна. Энэ ажилд нутгийн зөвлөлийн дарга Ц. Санчин идэвхи зүтгэл гарган туслалцаа үзүүлсэн байна. Энэ ажил зөвхөн Төгрөг сумаар зогсохгүй аймгийн бусад Бигэр, Алтай, Бугат, Тонхил сумуудад амжилттай хэрэгжиж биелэлээ олж, малчид хөдөлмөрчдийн талархал хүлээсээр байна.

4. Нутгийн зөвлөлөөс дөрөв дэх санаачлан хийсэн ажил нь сумын хэмжээнд нарийн мэргэжлийн 10 шахам их эмчийн   (хүний) бүрэлдэхүүнтэй эмчилгээ, оношлогооны групп гарган 2 удаа Төгрөг, Бугат суманд ажиллуулж нутгийн хөдөлмөрчдийн талархлыг хүлээсэн юм. Энэ ажилд нутгийн зөвлөлийн гишүүн , Анагаах Ухааны дээд сургуулийн багш , эрдэмтэн профессорууд Х. Дамдинжав, П.Батхүү, Нацагдорж нар ихээхэн идэвхи зүтгэлтэй ажилласныг дахин дурсан тэмдэглэхэд баяртай байна. Энэ ажлын үр дүнд сумын хөдөлмөрчид, хотын сэхээтнүүдийн хоорондох ажил, мэргэжил эрүүл мэндийн оношлого, судалгаа өргөжин тэлж өнөөдөр ч гэсэн үр ашгаа өгсөөр байна.

5. Нутгийн зөвлөлөөс сумын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ихээхэн итгэл зүтгэл гарган томоохон ажил зохион байгуулсан юм. Энэ ажлын үр дүнд Төгрөг сумын орон нутгийг судлах музейг цоо шинээр сэргээн босгож, сумын алдартнуудыг алдаршуулах, сумын ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон бүхий л ажилд гар бие оролцон 70 жилийнхээ ойг сайхан тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Энэ  ажилд нутгийн зөвлөл үнэхээр томоохон ажил амжуулсан юм. Тухайлбал, ойн урилга, шагнал, сумын танилцуулга, ном, сонин товхимол хэвлүүлэх гэх мэт. Энэ ажилд нутгийн зөвлөлийн гишүүн Ц. Санчин, С. Түвдэнням, Ж. Галиндэв, Ц. Дэмбэрэл, Д. Нансалмаа, Х. Дамдинжав, Ц. Бааст, Ш. Гоохүү, С. Хулганаа, Д. Ванчигцэрэн, С. Бямбаа, Я. Цогхүү, Б. Нурмаа, Б. Авирмэд, Ү. Хүрэлбаатар, Цоодол, Д. Ганхүү нар идэвхитэй ажилласан юм. Сумын 70 жилийн ойг тэмдэглэх энэхүү үйл ажиллагаанд сумын нутгийн зөвлөлөөс нийтдээ 3 сая гаруй төгрөгний ажил хийж гүйцэтгэжээ.

6. Нутгийн зөвлөл өнгөрсөн хугацаанд Төгрөг сумын түүх, өнөөгийн байдлыг тусгасан “Төгрөг бидний нутаг” ном, шүлгийн түүвэр, сонин гурван удаа гаргаж хэвлүүлэн сумын нийт хөдөлмөрчид болон хотын уугуул иргэдэд төлбөргүй тараан үйлчилсэн байна. Энэ ажилд С. Түвдэнням, Ш. Гоохүү, Ү. Хүрэлбаатар, Ч. Онгоодой, Ц. Санчин нар идэвхи зүтгэл гаргаж С. Түвдэнням ном бичиж, түүнийг Ж. Галиндэв 300 000 төгрөгөөр ивээн тэтгэж хэвлүүлсэн юм.

“Төгрөг сум” сонины 3 дугаарыг Ц. Санчин, Ү. Хүрэлбаатар, С. Хулганаа нар тус бүр 100, 100 000 төгрөгөөр ивээн тэтгэсэн байна. Мөн Ш. Гоохүү нутгийн хөдөлмөрчдөд зориулсан 2 ном хэвлүүлж ивээн тэтгэжээ.

7. Сумын нутгийн зөвлөлөөс Төгрөг сумын 10 жилийн дунд сургуулийн 60 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд идэвхи зүтгэл гарган ажиллаж зохих туслалцаа үзүүллээ. Энэ ажилд Ц. Бааст, Д. Ванчигцэрэн, Ц. Лаачаа, О. Баатар (багш) нар идэвхитэй оролцжээ.

8. Нутгийн зөвлөл аймгийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд идэвхи зүтгэл гарган 500 мянган төгрөгний (хонжворт сугалаа). 2-3 удаагийн соел урлагийн арга хэмжээнд сумын хөдөлмөрчдийг татан оролцуулж нийтдээ сая гаруй төгрөгний сугалаа, билет борлуулах ажлыг амжилттай гүйцэтгэж аймгаас идэвхи зүтгэл гарган сайн ажилласан нутгийн Зөвлөлд гардуулдаг “Өргөмжлөл” хүлээн авсан юм.

9.Нутгийн зөвлөл Төгрөг сумыг Улаанбаатар хотын Биокомбинаттай шефийн харилцаа тогтоон мал эмнэлгийн ажилтны мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх эм, био бэлдмэлийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллаж ирлээ. Энэ ажилд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт малын их эмч Л.Пэрэнлэй, Баянгол дүүргийн засаг дарга асан Д. Хулганаа нар идэвхи зүтгэл гарган ажиллаж ирлээ.

10.Улаанбаатар хот дахь сумын нутгийн зөвлөл нь Төгрөг сумыг хөгжүүлэхтэй холбогдсон Онол-Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж зөвлөмж гарган ажилласан юм. Өнөөдөр нутгийн Зөвлөл Эрдэнэт, Дархан – Шарын гол Багануур Налайх гэсэн хоёр салбар нутгийн зөвлөлтэй холбоотой ажиллаж байна.

11.Нутгийн зөвлөл хот-хөдөөгийн сэхээтнүүдийн ажил хөдөлмөрийн  уялдааг ойртуулах. малчид хөдөлмөрчдийн ажлын амжилтыг сонгон шалгаруулан шагнаж урамшуулах, тэдэнд урам хайрлах. нэн ялангуяа хотын сэхээтнүүдийн оюуны чадавхийг бага боловч ашиглах боломж олгох чиглэлийг байнга баримталж ирсэний үр дүнд өнөөдөр манай сум олон арван алдартнуудтай, боловсон хүчний өндөр чадавхи бүхий сэхээтнүүдийн том хамтлаг буй болжээ. Тухайлбал: манай сумаас хөдөлмөрийн баатар 2, төрийн шагналтан 2, гавьяат цолтон 3, эрдэмтэн 18, улсын аварга малчин 6 төрөн гарчээ. Энэ бүхэн нь сумын нутгийн зөвлөлийн ажлын анхаарлын төвд байнга байж. цаашид хамтарч ажиллахад идэвхитэй тус дөхөм болдог юм.

12. Нутгийн зөвлөл нийслэл хотод ажиллаж байгаа уугуул иргэдийн уулзалт цуглааныг 9 удаа, тэргүүлэгчдийн хурлыг 12 удаа, зевлөлдөх уулзалтыг 9 удаа хийсэн байна. Тэргүүлэгчдийн хурлыг зохион байгуулахад хувиасаа санхүүгийн туслалцаа Ц. Санчин 3 удаа, С. Түвдэнням 2 удаа, Ж. Галиндэв 2 удаа. Ю. Дашбал 1 удаа, Ц. Дэмбэрэл 1 удаа, Ц. Пунсал 1 удаа тус тус үзүүлсэн байна. Нэг удаагийн хуралд ойролцоогоор 50-70 мянган төгрөг зарцуулж байжээ.

Эцэст нь хэлэхэд нутгийн зөвлөлийн ажилд идэвхи зутгэлтэй ажилладаг дараах хүмүүст нутгийн зөвлөл чин сэтгэлээсээ талархал илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал: С. Түвдэнням, Ж. Галиндэв, Ш. Гоохүү, Ц. Бааст, Б. Сандагсүрэн асан, Д. Ванчигцэрэн, Ч. Онгоодой, Ц. Дэмбэрэл, Д. Хулганаа, Х. Дамдинжав, Ю. Дашбал, М. Цэрэндэжид, Д. Нансалмаа, Б. Пүрэвдаш, Д. Цэцэгмаа, Д. Ганхүү, Г. Гомбоцэрэн, Ү. Хүрэлбаатар, С. Бямбаа, Б. Авирмэд, Б. Ваанжил, С. Аравжир, Я. Цогхүү,  Д. Нолжир, П. Осор, П. Батхүү, Т. Дамдин гэх мэт.


“Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутгийн зөвлөл ТББ-ын 2012 онд хийх ажлын  төлөвлөгөө